Монгол Улс түүхэндээ анх удаа нэг сая жуулчин хүлээн авах босгонд хүрлээ.

Монгол Улс 2026 онд түүхэндээ анх удаа нэг жилийн хугацаанд нэг сая жуулчин хүлээн авах түүхэн зорилтдоо хүрэхэд ойртож, ердөө 41,530 жуулчин дутуу байна. Аялал жуулчлалын салбарын энэхүү онцлох үйл явдлыг тохиолдуулан Монголын Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо (MTO) нэг сая дахь жуулчныг албан ёсоор угтан авах бэлтгэл ажлаа эхлүүлжээ.
2026 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдрийн урьдчилсан статистик мэдээллээр Монгол Улсад нийт 958,470 жуулчин хүрэлцэн ирээд байна. Сүүлийн өдрүүдэд өдөрт дунджаар 1,500–2,500 жуулчин хилээр нэвтэрч байгаа бөгөөд зөвхөн арваннэгдүгээр сарын эхний хагаст 32,882 жуулчин Монгол Улсыг зорин иржээ.
Одоогийн өсөлтийн хурдаа хадгалж чадвал Монгол Улс 2026 оны арваннэгдүгээр сарын сүүлээр түүхэн нэг сая дахь жуулчнаа хүлээн авах боломжтой гэсэн хүлээлт байна.
2025 онд нийт 847,170 жуулчин хүлээн авсан бол 2026 оны аравдугаар сарын эхээр өмнөх жилийн нийт үзүүлэлтээ хэдийнэ давсан байна. Энэ нь Монгол Улсыг зорих олон улсын жуулчдын сонирхол, аялал жуулчлалын салбарын өсөлт нэмэгдэж байгааг илтгэх чухал үзүүлэлт юм.
Монгол Улсыг зорих жуулчдын голлох зах зээл
Оны эхнээс хойших жуулчдын тоон үзүүлэлтээр ОХУ, БНХАУ, БНСУ-ын жуулчид тэргүүлж байна. Эдгээр зах зээл нь Монгол Улсын аялал жуулчлалын салбарын олон улсын урсгалд чухал байр суурь эзэлж байна.
Монгол Улсын Засгийн газраас 2023–2028 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан аялал жуулчлалын салбарын байгууллага, аж ахуйн нэгжүүд хамтран нэг сая дахь жуулчин болон зочныг хүлээн авах хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулахаар бэлтгэж байна.
Түүнчлэн НҮБ-ын Аялал жуулчлалын байгууллага (UN Tourism) Монгол Улсыг дэлхийн аялагчдын сонирхлыг татаж буй шинэ аяллын чиглэлүүдийн нэг хэмээн онцолсон нь тус улсын олон улсын аялал жуулчлалын нэр хүндийг нэмэгдүүлэхэд эерэг нөлөө үзүүлж байна.
Нэг сая жуулчин хүлээн авах нь Монгол Улсын аялал жуулчлалын салбарын хөгжил, олон улсын зах зээл дэх өрсөлдөх чадвар, цаашдын өсөлтийн боломжийг илтгэх түүхэн чухал үйл явдал болох юм.