Нефтийн үнэ дахин буурчээ

Нийтэлсэн огноо: 2022/03/16

НЬЮ-ЙОРК. /Xinhua/. Нийлүүлэлт тасалдах вий гэх болгоомжлол намжиж байгаатай холбоотойгоор нефтийн үнэ мягмар гарагт буурчээ.

 

Тодруулбал, Нью-Йоркийн биржид “WTI” маркийн нэг торх нефтийн дөрөвдүгээр сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 6.57 ам.доллар буюу 6.4 хувиар буурч, 96.44 ам.долларт хүрсэн байна. Мөн Лондоны “ICE” биржид “Brent” маркийн нефтийн тавдугаар сард нийлүүлэх үнэ 6.99 ам.доллароор /6.5 хувьбуурч, 99.91 ам.доллар болжээ.

 

“Нефть, хийн үнэ ийнхүү буурч байгаа нь Украинд гал зогсоох найдлага бий болж байгаатай холбоотой. Мөн хориг арга хэмжээ, нефтийн борлуулалттай холбоотой асуудлуудыг үл харгалзан Оросын нефтийн олборлолт хэвийн байгаа нь нийлүүлэлтийн талаарх болгоомжлолыг намжааж байна” гэж Германы “Commerzbank Research” судалгааны байгууллагын эрчим хүчний шинжээч Карстен Фрич ярьжээ.

 

 

Украин, Оросын төлөөлөгчид мягмар гарагт энхийн хэлэлцээгээ үргэллжүүлсэн талаар “Ukrayinska Pravda” цахим сонин Украины хэлэлцээний төлөөлөгч Давид Арахамияг эш татан мэдээлсэн байна. Даваа гарагт талууд дөрөв дэх үе шатны хэлэлцээгээ цахимаар эхлүүлсэн юм. 

Эх сурвалж: www.montsame.mn

https://www.montsame.mn/mn/read/292382

Буцах