Нийтэлсэн огноо: 2022/03/03
СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын автомашин үйлдвэрлэгч “Kia” компани 2027 онд 14 цахилгаан автомашин зах зээлд нийлүүлж, 2030 он гэхэд дэлхийн зах зээлд 1.2 цахилгаан тээврийн хэрэгсэл худалдаална гэдгээ өнөөдөр мэдэгджээ.
“Цахилгаан автомашины төрлөө нэмэгдүүлж, борлуулалтын зорилтдоо хүрэхийн тулд “Kia” 2026 он гэхэд 28 их наяд воны /23 тэрбум ам.доллар/ хөрөнгө оруулна” гэж “Kia” компанийн тэргүүн Сон Хо Сун мэдэгдсэн байна.
Бид цахилгаан автомашинуудынхаа борлуулалтыг ийм тээврийн хэрэгслийн эрэлт өсөж, дотоод шаталтын хөдөлгүүртэй автомашинуудтай холбоотой зохицуулалт чангарч буй БНСУ, АНУ, Европ, БНХАУ гэсэн томоохон дөрвөн зах зээлд нэмэгдүүлэхэд түлхүү анхаарна гэж тэрбээр хэлжээ.
“Kia” Европ, АНУ, Хятад, Энэтхэгийн үйлдвэрүүддээ цахилгаан тээврийн хэрэгслүүдээ үйлдвэрлэж, БНСУ дахь байгууламжууд, ажиллах хүчнээ цахилгаан автомашины хөгжүүлэлт, үйлдвэрлэлийн төв болгохоор төлөвлөж байгаа ажээ.
“Kia” ирэх онд “EV9” спорт загварын автомашинаа танилцуулж, 2027 он хүртэл цахилгаан ачааны тэрэг гэх мэт ийм тээврийн хэрэгслүүдийнхээ тоог нэмэгдүүлнэ. Ийнхүү 2030 он гэхэд дөрвөн сая автомашин худалдаалах зорилт дэвшүүлээд байгаагийн 30 хувь нь бүрэн цахилгаан хөдөлгүүртэй байх ажээ. Тус компани 2030 оны борлуулалтын зорилтоо өнгөрсөн онд танилцуулснаасаа 27 хувиар өсгөжээ.