Японы агаарын тээврийн ANA компани нисдэг такси бүтээхэд хөрөнгө оруулна

Нийтэлсэн огноо: 2022/02/16

ТОКИО. /Kyodo/. Японы агаарын тээврийн томоохон компани болох “All Nippon Airways” (ANA) Америкийн “Joby Aviation” компанийн нисдэг такси бүтээх төсөлд хөрөнгө оруулахаар шийдсэнээ зарлалаа. Энэ тухай компаниудын хамтран гаргасан хэвлэлийн мэдээнд дурджээ.

“Joby Aviation” компани нь нисдэг тэрэг, жижиг нисэх онгоцны хүчин чадлыг хослуулсан, таван хүний суудалтай, цахилгаан хөдөлгүүрт нисдэг такси бүтээж байгааг мэдээнд онцолжээ. Энэхүү нисдэг таксины дээд хурд нь цагт 320 км, нислэгийн хүрээ нь 240 орчим км байх аж. Японы томоохон хот болох Осакагийн төмөр замын буудлаас тус хотын хаяанд орших олон улсын нисэх буудал руу машинаар хүрэхэд нэг цаг орчим хугацаа зарцуулдаг бол нисдэг таксигаар энэ зайг 15 минутын дотор туулах боломжтой гэнэ. ANA компани уг нисдэг таксины навигацийн систем болон тээврийн энэ хэрэгсэлд зориулсан хөөрөх, буух зурвасын тоног төхөөрөмжийг бүтээх аж. 

Энэхүү төсөлд мөн Японы автомашин үйлдвэрлэгч "Toyota Motor" компани оролцож байгаа юм. Калифорни муж улсад төвтэй “Joby Aviation” компанид “Toyota Motor” өмнө нь 394 сая ам. долларын хөрөнгө оруулж, зарим технологио өгчээ.

Япон улсад Засгийн газрын дэмжлэгтэйгээр 2018 онд байгуулагдсан нисдэг автомашин бүтээх хүчин чармайлтыг зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүнд “Toyota Motor”, ANA компаниуд багтдаг байна.

Эх сурвалж Montsame.mn 

https://www.montsame.mn/mn/read/289742

Буцах