Франц, Канад, Австрали, Шинэ Зеландад эсэргүүцлийн жагсаал болов.

Нийтэлсэн огноо: 2022/02/14

Францын нийслэл Парис хотын иргэд цар тахлыг хумих зорилгоор авч буй эрх баригчдын шийдвэрийг эсэргүүцсээр байна. Эсэргүүцлийн жагсаалд нэгдэхээр хот руу олон тооны иргэд машинтайгаа нэвтрэх гэжээ. Харин цагдаа нар тэднийг хот руу оруулахгүйн тулд хуягт машинууд ашигласан байна. Энэ үеэр хутгатай байсан хоёр иргэнийг баривчилж, олон хүнд мөнгөн торгууль ногдуулжээ.    

Тус улсад олон нийтийн газраар үйлчлүүлэх бол дархлаажуулалтад заавал хамрагдсан байхыг шаардаж байгаа юм.      

Жагсаалыг тараахын тулд Парист 7000 орчим цагдаа үүрэг гүйцэтгэж байна. Иргэд интернетийн тусламжтайгаар маш хурдан зохион байгуулалтад оржээ. Тэдний дунд өөр өөр улс төрийн хүчний гишүүд ч байна.

Францын Ерөнхий сайд Жан Кастекс “Үзэл бодолтой байж, жагсаалд оролцох нь манай Бүгд найрамдах улсын Үндсэн хуульд заасан, суурь эрх мөн. Харин авто машинаараа бусдын хөдөлгөөнд саад учруулах эрх хэнд ч байхгүй. Энэ нөхцөлд бид хатуу арга хэмжээ авна. Эрх чөлөө гэдэг нь бусдад төвөг учруулах гэсэн үг биш” гэжээ.   

Канадын Оттова хот, Австрали, Шинэ Зеландын иргэд мөн л цар тахлын эсрэг хатуу арга хэмжээ авч байгааг эсэргүүцэн жагссаар байна.  Мөн үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэд  жагсаалд нэгдэж байна.

Эх сурвалж: Gogo.mn

gogo.mn/r/l3eoy

Буцах