Пакистаны амьтны хүрээлэн 12 арсланг дуудлага худалдаагаар худалдана

Нийтэлсэн огноо: 2022/08/15

ЛАХОР. /Reuters/. Пакистаны Лахор хотын зэрлэг амьтны хүрээлэн зардлаа бууруулах, илүү их орон зай гаргах үүднээс 12 арсланг пүрэв гарагт хувийн цуглуулагчдад дуудлага худалдаагаар худалдахаар болжээ.

Тус цэцэрлэгт хүрээлэнд одоогоор 29 арслан, зургаан бар, 2 ирвэс байгаа аж. Улмаар хоёроос таван насны 12 арсланг дуудлага худалдаанд оруулахаар төлөвлөсөн байна.

"Энэ нь илүү их орон зайг гаргахаас гадна тэдгээрийн хоол хүнсэнд хэрэглэх зардал багасах болно" хэмээн амьтны хүрээлэнгийн дэд захирал хэлжээ.

Гэвч байгаль хамгаалагчид арсланг дуудлага худалдаагаар худалдаалахыг эсэргүүцэж байгаа юм. Дэлхийн Байгаль хамгаалах сан Лахор хотын амьтны хзрээлэн арслангуудыг бусад амьтны хүрээлэнд шилжүүлэх эсвэл үржлийг хязгаарлах арга хэмжээнүүдийг авах ёстойг онцолсон байна.

Амьтны хүрээлэнгийн зүгээс нэг арслангийн доод үнийг 150 мянган рупи /670$/ гэж тогтоосон ч дуудлага худалдааны эцсийн үнэ 2 сая рупи болно хэмээн найдаж байгаа юм.   

Эх сурвалж: www.montsame.mn

https://www.montsame.mn/mn/read/302026

Буцах