Тайланд улс гадаадын иргэдэд газар өмчлүүлж эхлэх гэж байна

Нийтэлсэн огноо: 2022/07/18

Тайландын засгийн газар гадаадын иргэдэд газар өмчлүүлэх журам санаачилж, удахгүй батлах гэж байна.

Тус улс олон жилийн туршид гадаадын хөрөнгө оруулагчид, тэтгэврийн насныхан, жижиг бизнес эрхлэх хүсэлтэй хүмүүсийн сонирхлыг хамгийн их татдаг газар байсан ч газар өмчлөхийг нь зөвшөөрдөггүй байсан юм.

Хэрвээ шинэ журам батлагдвал есдүгээр сараас эхлэн Тайландын үл хөдлөх, үнэт цаас, санхүүгийн зах зээлд гурван жилийн хугацаанд нийт 40 сая батын ($1.09 сая) хөрөнгө оруулсан гадаадын иргэн амьдрах зориулалтаар 0.16 гектар газар өмчлөх боломжтой болох юм байна.

Мөн ийм хөрөнгө оруулагчдад 10 жилийн хугацаатай виз олгож, татварын хөнгөлөлт үзүүлэхээр төлөвлөжээ.

Засгийн газар таван жилийн дараа журмаа эргэн харж, шаардлагатай өөрчлөлтийг тусгахаар төлөвлөсөн байна.

Үүний үр дүнд Тайландын эдийн засгийг нэг их наяд батаар ($27.25 тэрбум) өргөжүүлэх зорилт тавьжээ.

Тус улсын эрх баригчид эдийн засгаа энэ онд 3.5 хувиар өсгөж, 2023 онд цар тахлын өмнөх төвшиндөө хүргэх зорилготой байгаа.

Цар тахлын дараа Тайландын аялал жуулчлалын салбар эрчтэй өсөж эхэлсэн байна. Одоогоор өдөр бүр 30,000 орчим жуулчин тус улсад ирж байгаа гэнэ.

Хэрвээ энэ өсөлт үргэлжилбэл оны сүүлээр нийт гадаад жуулчдын тоо найман саяыг давах тооцоо гарчээ. Тайландад нэг сая жуулчин ирэх бүрд үндэсний дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ нь 0.4 хувиар өсдөг байна.

Одоо тус улсад ирэх жуулчдаас вакцины гэрчилгээ, эсвэл ирмэгцээ өгсөн шинжилгээний сөрөг хариу шаардаж байгаа. Цар тахлын өмнөх жил буюу 2019 онд Тайланд улс 40 сая жуулчин хүлээн авч байжээ.

Эх сурвалж: ikon.mn

https://ikon.mn/n/2m3n

Буцах