БНСУ-ын тал Монгол, Вьетнам, Филиппин, Индонезийн бүлэг жуулчдыг визгүй зорчуулна

Нийтэлсэн огноо: 2022/05/05

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ цар тахлын улмаас хоёр жил гаруйн турш зогсоогоод буй визээс чөлөөлөх хөтөлбөрөө сэргээж, ирэх зургаадугаар сарын 1-нээс эхлэн Жэжү, Яньяны олон улсын нисэх буудлаар гадаадын жуулчдыг визгүй зорчихыг зөвшөөрнө гэж тус улсын Дотоод хэргийн сайд Жон Хэ Чоль лхагва гарагт мэдэгджээ.

БНСУ 2002 оноос эхлэн Хууль зүйн сайдын тогтоосон 24 орны иргэдээс бусад бүх гадаадын жуулчдад өмнөд нутгийн Жэжү арал дээр 30 хүртэлх хоног визгүй зорчих боломжийг бүрдүүлсэн юм. Гэвч энэхүү шийдвэрийн хэрэгжилтийг цар тахлын улмаас 2020 оны хоёрдугаар сарын 4-нөөс түр зогсоогоод байжээ. 

Харин ирэх зургаадугаар сараас Монгол, Вьетнам, Филиппин, Индонезийн тав болон түүнээс дээш хүний бүрэлдэхүүнтэй бүлэг жуулчид Яньян олон улсын нисэх буудлаар нэвтрэн 30 хүртэлх хоног визгүй зорчих боломжтой болж байгаа талаар холбогдох албаны төлөөлөгчид мэдээлсэн байна.

“Бид хилээр нэвтрүүлэх бодлогыг оновчтой болгох замаар гадаадын аялагчдын тоог нэмэгдүүлж, аялал жуулчлалын зах зээлийг идэвхжүүлнэ гэдэгт найдаж байна" гэж Жон Хэ Чоль мэдэгджээ.

COVID-19” халдварын хамгийн сүүлийн давлагаа намжиж буй байдал ажиглагдаж байгаа тул тус улс вакцинд хамрагдсан жуулчдыг заавал тусгаарлагдах журмаас чөлөөлөх зэргээр хилийн хязгаарлалтын арга хэмжээнүүдийг үе шаттайгаар сулруулж байгаа юм.

Лхагва гарагт улсын хэмжээнд өдөрт илэрсэн “COVID-19” халдварын шинэ тохиолдлын тоо 50 мянгаас доошилж буурчээ. Өнгөрсөн долоо хоногт Засгийн газар цар тахлын өмнөх хэвийн амьдралын хэмнэлдээ эргэн орох үүднээс гадаа талбайд амны хаалт зүүх журмыг цуцалсан юм. 

Эх сурвалж: www.montsame.mn

https://www.montsame.mn/mn/read/296248

Буцах