Нийтэлсэн огноо: 2022/04/18
БЭЭЖИН. /VOA/. Хятадын агаарын тээврийн “China Eastern” компани “Boeing 737-800” нисэх онгоцнуудыг арилжааны нислэгт эргүүлэн ашиглаж эхэлнэ гэдгээ ням гарагт мэдэгджээ.
Сар орчмын өмнө “Boeing 737-800” загварын нисэх онгоц осолдсоны улмаас 132 хүн амиа алдсантай холбоотойгоор тус компани ийм загварын 223 нисэх онгоцоор нислэг үйлдэхээ түр зогсоогоод байгаа юм.
“China Eastern” нисэх онгоц тус бүрт системчилсэн үзлэг, бүтцийн шалгалт хийж, нислэгт тэнцэх чадварын мэдээллүүдийг баталгаажуулсан бөгөөд арилжааны үйлчилгээгээ сэргээхээс өмнө бүх онгоцонд туршилтын нислэг хийнэ гэдгээ мэдээлсэн байна.
Мөн гуравдугаар сарын 21-нд осолдсон онгоцтой ойролцоо бүртгэлийн дугаартай нисэх онгоцнуудад засвар үйлчилгээний шалгалт, үнэлгээг үргэлжлүүлэн хийж байгаагаа тус компанийн зүгээс “Reuters” агентлагт мэдээлжээ.
“Flightradar24” цахим хуудасны мэдээллээр, “China Eastern” компанийн гурван жилийн насжилттай “Boeing 737-800” нисэх онгоцоор үйлдсэн “MU5843” дугаартай нислэг баруун өмнөд нутгийн Куньмин хотоос ням гаргийн өглөөний 09:58 цагт хөөрч, Чэнду хотод 11:03 цагт газардсан байна.
Уг нисэх онгоцны туршилтын нислэг бямба гарагт дууссан бөгөөд хожим нь Куньминд эргэн иржээ. Мөн “Boeing 737-800” загварын өөр нэгэн нисэх онгоц ням гаргийн өглөө “China Eastern” компанийн төв байр байрладаг Шанхайд хотод туршилтын нислэг хийсэн талаар “Flightradar24” мэдээлжээ.
Гуравдугаар сарын 21-ний өдөр Куньмин-Гуанжоу чиглэлийн “MU5735” дугаартай нислэг Гуанси-Жуаны өөртөө засах орны уулархаг бүсэд осолдсоны улмаас 123 зорчигч, нисэх багийн есөн гишүүн амиа алдсан харамсалтай явдал гарсан юм. Энэ нь Хятадын эх газарт сүүлийн 28 жилийн хугацаанд болсон хамгийн олон хүний аминд хүрсэн осол болжээ.
Хятадын холбогдох албаны төлөөлөгчид нисэх онгоцны хоёр хар хайрцгийг хоёуланг нь олсон бөгөөд осол болсноос хойш 30 хоногийн дотор НҮБ-ын агаарын тээврийн агентлаг болох Олон улсын иргэний нисэхийн байгууллагад /ICAO/ урьдчилсан тайлангаа хүргүүлнэ гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: www.montsame.mn
https://www.montsame.mn/mn/read/294921
Буцах