Австралид аялал жуулчлалыг сэргээх төлөвлөгөө танилцуулжээ

Нийтэлсэн огноо: 2022/03/23

КАНБЕРРА. /ABC/. Цар тахлын улмаас хоёр жилийн турш хилээ хаасан Австралийн Засгийн газар жуулчдыг эх орондоо эргүүлэн татах төлөвлөгөөгөө танилцуулжээ.

 

Ерөнхий сайд Скотт Моррисоны мэдэгдсэнээр, Австралид гадаадын жуулчдыг татахад 60 сая австрали.долларыг /44.3 сая ам.долларзориулах ажээ.

 

Тодруулбал, 45 сая австрали.долларыг олон улсын аялал жуулчлал хумигдсаны улмаас хамгийн их хохирол амссан бүс нутгуудад “Tourism Australia” маркетингийн кампанит ажил өрнүүлэхэд, 15 сая австрали.долларыг Их шүрэн даланг жуулчдад сурталчилахад зориулна.

 

Австрали “COVID-19” халдварын тархалтаас урьдчилан сэргийлэхийн тулд 700 орчим хоногийн турш хилээ хаасны эцэст энэ оны хоёрдугаар сарын 21-нээс вакцинд бүрэн хамрагдсан гадаадын жуулчдад хилээ нээсэн юм. “Олон улсын аялал жуулчлал сэргэснээр салбарын олон зуун мянган ажлын байрыг дэмжиж, эдийн засгийг бэхжүүлнэ” гэдгийг С.Моррисон тодотгожээ.

 

Австралийн Статистикийн товчооны мэдээллээр, 2020-2021 оны санхүүгийн жилд аялал жуулчлалын салбарын дотоодын нийт бүтээгдэхүүнд оруулсан хувь нэмэр 2.6 хувиас 1.6 хувьд хүрч буурчээ. Үүний зэрэгцээ аялал жуулчлалын салбарт ажиллагсдын тоо 20.3 хувиар буурч, 507 мянгад хүрсэн байна.

 

 

Мөн хилээ хаасантай холбоотойгоор Австралид ирэх гадаадын жуулчдын тоо 2021 онд 245 770-д хүрсэн нь 2019 онд 8.7 сая орчим байсантай харьцуулахад эрс буурсан үзүүлэлт болжээ. Худалдаа, аялал жуулчлал, хөрөнгө оруулалтын сайд Дан Техан энэхүү салбарт цаашид нэмэлт дэмжлэг үзүүлнэ гэдгийг онцолсон байна. 

Эх сурвалж: www.montsame.mn

https://www.montsame.mn/mn/read/292895

Буцах