Малайз улс дөрөвдүгээр сарын нэгнээс хилээ нээнэ

Нийтэлсэн огноо: 2022/03/21

Малайз улс цар тахлын улмаас 2020 оны гуравдугаар сарын 18-нд хилээ хааснаас хойш хоёр жилийн дараа буюу дөрөвдүгээр сарын 1-нд бүрэн нээнэ гэж тус улсын Ерөнхий сайд Исмаил Сабри Яакоб мэдэгдэв.

Хилээ нээж байгаатай холбоотой бизнесийн байгууллагуудын үйл ажиллагааны цаг, сүм хийд болон бусад мөргөлийн газрын хязгаарлалтыг мөн цуцална.  

Хэдийгээр хязгаарлалтыг сулруулсан ч тус улсад нэвтэрч буй орон нутгийнхан болон гадны аялагчид зарим дүрмийг дагаж мөрдөх шаардлагатай. Үүнд:

Дөрөвдүгээр сарын 1-нээс Малайзад зорчих хүчинтэй бичиг баримттай гадаадын иргэд вакцинд бүрэн хамрагдсан тохиолдолд хорио цээрийн дэглэмд хамрагдах шаардлагагүй нэвтэрнэ.

Малайз руу нэвтрэхдээ гадаадын иргэд MyTravelPass аппликейшн ашиглахгүй. Үүний оронд MySejahtera аппликейшнийг татан авч идэвхжүүлээд явахын өмнөх маягтыг апп дотор бөглөнө.

Аялагчид явахаасаа хоёр хоногийн өмнө COVID-19 PCR шинжилгээ, ирснээс хойш 24 цагийн дотор COVID-19 түргэвчилсэн шинжилгээ хийлгэх шаардлагатай.

Харин вакцинд бүрэн хамрагдаагүй аялагчид Малайзад ирснийхээ дараа тав хоногийн хорио цээрийн дэглэмд хамрагдана. Мөн хорио цээрийн дэглэмээс гарсны дараа ч вакцинд бүрэн хамрагдаагүй тохиолдолд зарим хязгаарлалтад орж явна. Тухайлбал, ресторанд хооллох боломжгүй юм байна.  

Харин 17-гоос доош насны хүүхэд, өсвөр насныхныг вакцинжуулалтын байдлаас үл хамааран хорио цээргүй нэвтрүүлнэ. Гэхдээ тэд мөн л ирэхээсээ өмнө PCR шинжилгээнд хамрагдсан байх шаардлагатай.

Эх сурвалж: gogo.mn

https://gogo.mn/r/yo162

Буцах