Австралийн байгаль орчин ойн түймэр, ган гачгийн үр дагавраас сэргэж байна

Нийтэлсэн огноо: 2022/03/17

КАНБЕРРА. /Daily Times/. Австралийн үндэсний байгаль орчны төлөв байдлын үнэлгээ хүчтэй аадар борооны ачаар сайжирч байгааг тус улсын Үндэсний их сургуулиас пүрэв гарагт танилцуулсан тайлан мэдээлэл харуулжээ. 

 

Австралийн үндэсний байгаль орчны төлөв байдлын үнэлгээ 2021 онд 6.7-д /10 онооноосхүрсэн нь 2020 онд гурав байснаас эрс өссөн үзүүлэлт болж, бүх найман муж, нутаг дэвсгэрт сайжирсан байдал ажиглагдсан байна.

 

Энэхүү тайланд дурдсанаар, 2021 онд жилийн дундаж хур тунадасны хэмжээ 512 мм байсан нь 2016 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болоод зогсохгүй 2000-2020 оны дунджаас 10 хувиар илүү байжээ. Үүний дүнд бүх томоохон хотын хот орчмын бүсийн усны нөөц нэмэгдсэн байна.

 

Мөн улсын нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарал 2020 оныхоос 1.9 хувиар бага, дундаж температур 2000-2020 оны дунджаас цельсийн 0.18 хэмээр доогуур байсан ч 1961-1990 оны дундажтай харьцуулахад цельсийн 0.56 хэмээр илүү байжээ. Түүнчлэн агаарын хэм цельсийн 35 хэмээс давсан өдрүүдийн тоо 2011 оноос хойших хамгийн цөөн үзүүлэлтэд хүрч буурчээ.

 

“Хур тунадас, агаарын температурт сүүлийн найман жилд үзэгдээгүй өөрчлөлтүүд ийнхүү ажиглагдсан нь 2021 онд Австралийн байгаль орчин эрчимтэй сэргэхэд хувь нэмрээ орууллаа. Эдгээр нь хөрс нөхөн сэргэх, ургамлын ургах нөхцөл сайжрахад нөлөөлсөн” гэж судалгааг ахлан явуулсан судлаач Альберт ван Дейк мэдээлсэн байна.

 

 

Гэсэн хэдий ч 2021 онд ховордсон төрөл зүйлсийн жагсаалтад 34 төрөл зүйл нэмэгдсэн нь биологийн олон янз байдал буурсаар байгааг харуулжээ. Үндэсний их сургуулийн доктор Шошана Рапли энэ талаар хэлэхдээ, “Энэ бол ховордсон амьтдыг хамгаалах асуудалд илүү нухацтай хандах шаардлагатай байгааг сэрэмжлүүлэх дохио. Эс тэгвээс бид баялаг хийгээд өвөрмөц биологийн төрөл зүйлээ цаашид улам алдах эрсдэлтэй байна” гэдгийг онцолжээ. 

Эх сурвалж: www.montsame.mn

https://www.montsame.mn/mn/read/292541

Буцах