СҮХБААТАР ДҮҮРГИЙН АЖ АХУЙН НЭГЖҮҮД #iUB АЯНД НЭГДЛЭЭ

Нийтэлсэн огноо: 2021/09/14

Сүхбаатар дүүрэгт ойролцоогоор 2800 гаран аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдгаас ихэнх хувь нь хоол, худалдаа, ахуй үйлчилгээний чиглэлээр бизнес эрхэлдэг юм байна. #iUB аяны хүрээнд зохион байгуулсан өнөөдрийн сургалтад тус дүүргийн 50 гаран аж ахуйн нэгжийн төлөөлөл, хороодын зохион байгуулагчид оролцож, мэдээллийн технологи, интернетэд суурилсан онлайн үйлчилгээ, цахим хэрэглээний сургалтад хамрагдсан юм. Тухайлбал, Хорека софт ХХК, Рете ХХК, Чатбот ХХК зэрэг Улаанбаатар инновацын төвийн дэргэд бойжигч эдгээр компаниуд өөрсдийн хөгжүүлсэн онлайн платформ, ухаалаг утасны аппликейшныг Сүхбаатар дүүргийн аж ахуйн нэгжүүдэд санал болгон, ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ суурилуулж, хамтран ажиллах санал тавилаа. Энэ компаниудын үйлчилгээг сонгосноор үйлчилгээ эрхлэгч иргэн Та интернетийн хязгааргүй боломжийг ашиглах боломж нээгдэж, хэрэглэгчдэд амар хялбар үйлчилгээг үзүүлэх давуу талууд нээгдэх юм.

"Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т цар тахлын үед ажлын байраа хадгалсан, нэмэгдүүлсэн аж ахуйн нэгж байгууллагыг дэмжих механизмыг бий болгож, цар тахлын нөлөөнд ихээр өртсөн салбаруудыг дэмжиж, эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлогын арга хэмжээг хэрэгжүүлнэ гэж тусгасан. Энэ бодлогын хүрээнд өнөөдрийн арга хэмжээг амжилттай зохион байгуулж, хүрэлцэн ирсэн аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлд НШУҮИГ-ын дарга Л.Тулгабаатар (Лхагвасүрэнгийн Тулгабаатар) гадаад, дотоодын амжилтад хүрсэн бизнес эрхлэгч эрхмүүдийн тухай сонирхолтой илтгэлийг танилцуулан, цаашдын бизнест нь амжилт хүссэн юм. Мөн тус дүүргийн Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Г.Амгалан болон бусад албан тушаалтнууд өнөөдрийн арга хэмжээнд оролцлоо.

#iUB #InnovativeUB #SIDIA #Innovation #ИнновацлагУлаанбаатарАян #HUB #НШУҮИГ

Буцах