“Цахим Улаанбаатар Аян’’ эхэллээ

Нийтэлсэн огноо: 2021/04/23

Зочлох үйчилгээ, аялал жуулчлалын салбар дахь цахим шилжилтийг хурдасгах, салбарын бизнес эрхлэгчдийг дэмжих зорилготой “Цахим Улаанбаатар Аян” 2021 оны 05 дугаар сарын 25-аас 8-р сарын 30-ийг дуустал 3 сарын хугацаанд зохион байгуулагдах гэж буй бөгөөд Зочлох үйлчлэх салбарын сургалт хөгжлийн төв, Хорекасофт компаниуд зохион байгуулагчаар ажиллаж Нийслэлийн Аялал Жуулчлалын Газраас дэмжин ажиллаж байна.

Цахим сүлжээг ашиглан дэлхийн нэг захаас нөгөө зах хүртэл өөрт хэрэгцээт мэдээ мэдээлэл, үйлчилгээгээ хормын төдийд түргэн шуурхай олж авах нь хүмүүсийн нэн тэргүүний хүсэл сонирхол болжээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны Үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Аялал жуулчлалын салбарт инновацийг нэвтрүүлж, гадаад дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлж, сурталчилгаа маркетингийн ажлыг нэмэгдүүлэх” арга хэмжээний хүрээнд “ХорекаСофт” зочлох үйлчилгээний захиалга бүртгэлийн програм зохион бүтээгч залуусын санаачлагыг дэмжин хамтран зохион байгуулж байна.

“ХорекаСофт программыг ашиглан зочид буудал, кэмп, дэн буудлынхаа бүртгэл, менежментийн асуудлыг шийдэх бүрэн боломжтой.”

Энэхүү аянаараа бид зочид буудал, дэн буудал, амралтын газар, жуулчны баазын чиглэлээр үйлчилгээ үзүүлж буй иргэн, аж ахуйн нэгж болон тэдгээрийн ажил үйлчилгээг хялбарчлах, бизнесийн үйл ажиллагааг дэмжин тасралтгүй тогтвортой хөгжүүлэх, олон улсын түвшинд гаргаж сурталчилах зорилгоор дижитал шилжилтийг хийх, бизнесээ шинэ түвшинд гаргахад туслах зорилготойгоор зохион байгуулагдана.  

“Цахим Улаанбаатар Аян” нь үндсэн 2 үе шаттайгаар явагдана. Эхний үе шат 2021 оны 05 дугаар сарын 25-аас 2021 оны 08 дугаар сарын 30-ныг хүртэл 3 сарын хугацаанд үргэлжилнэ. Аяны хүрээнд зочлох үйлчилгээ, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй бүх шатны зочид буудал, дэн буудал, амралтын газар, жуулчны баазын өдөр тутмын механик үйл ажиллагааг хялбарчлах нэгдсэн удирдлагын системээр хангахаар зорьж байна. Тус удирдлагын систем нь бизнес эрхлэгч байгууллагуудад тулгамддаг зочны бүртгэл, мөн хяналтын асуудлуудыг шийдвэрлэхээс гадна цаг хугацаа хэмнэх, зочинд түргэн шуурхай үйлчлэх мөн үйл ажиллагаагаа хаанаас ч ямар цаг үед хянах боломжийг менежрүүдэд олгох юм. Аян оролцохын тулд аж ахуй нэгж, байгууллагууд албан ёсны бүртгэлийн холбоосоор орж бүртгүүлэх шаардлагатай ба эхний 100 аж ахуй нэгжид нэгдсэн удирдлагын системийг үнэ төлбөргүйгээр нэвтрүүлэх эрхийг олгох тул хамрагдах хүсэлтэй аж ахуй нэгжүүд мэдээллээ бүртгэлийн дагуу ирүүлэхийг уриалж байна.

Бүртгүүлэх холбоос: https://docs.google.com/forms/

Энэхүү аянаас өндөр хүлээлт үүсч байгаа бөгөөд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй зочид буудал, дэн буудал, амралтын газар, жуулчны баазуудын үйл ажиллагаанд гарах зардлыг бууруулж, орлогыг нэмэгдүүлэх, бизнесийн үйл ажиллагааг сайжруулах, төрөөс хэрэгжүүлж буй ажил үйлчилгээг нэгдсэн нэг сувгаар хүргэх зэрэг олон ач холбогдолтой юм. “Цахим Улаанбаатар Аян” цар тахлын улмаас үйл ажиллагаа нь ихээр доголдсон салбарын бизнес эрхлэгч, байгууллагуудын үйл ажиллагааг цар тахлын нөхцөл байдал сайжрахтай зэрэгцэн дижитал шилжилтээр дамжуулан хэвийн байдалдаа ороход туслах дэвшилтэт технологи дээр суурилсан томоохон хөрөнгө оруулалт болно гэж харж буй юм. Тийм учир тухайн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж, хувь хүмүүсийг энэхүү аянд идэвхитэй оролцохыг хүсч байна.

Буцах