Борнео арлын “нууцлаг сармагчин” хол төрлийн хоёр өөр сармагчны эрлийз байж болзошгүйг судлаачид тогтоожээ

Нийтэлсэн огноо: 2022/05/10

Борнео арлын Малайзын эзэмшил хэсгээс эрдэмтэд урьд өмнө шинжлэх ухаанд бүртгэгдээгүй нэгэн “нууцлаг сармагчин”-г илрүүлж байжээ.

Тэгвэл энэхүү амьтныг хол төрлийн хоёр өөр сармагчны дундаас гарсан эрлийз байж болзошгүй гэсэн дүгнэлтийг эрдэмтэд хийснээ “International Journal of Primatology” сэтгүүлд нийтлүүлсэн байна.

“Proboscis monkey”, “Silvery langur” гэгддэг хоёр сармагчин нь хоорондоо хамааралгүй, хол төрлийн амьтад боловч нэг ой шугуйд зэрэгцэн амьдардаг гэнэ.

Ойр төрөл зүйлийн амьтад хоорондоо эвцэлдэж, эрлийз үр төл гарах тохиолдол байдаг ч холын төрөл зүйлүүдийн хувьд ийм тохиолдол байгаль дээр маш ховор байдаг.

Дээр дурдсан хоёр сармагчны нэг нь улаан хүрэн үстэй, унжсан том хамартай бол нөгөөх нь мөнгөлөг сор бүхий бараан үстэй, хавтгай нүүртэй юм.

Харин “нууцлаг сармагчин” энэ хоёр төрөл зүйлийн аль алиных нь шинжийг зэрэг агуулжээ.

“Нууцлаг сармагчин” анх 2017 онд монш байхдаа хүмүүсийн анхааралд орж, зураг нь интернэтэд тарсан юм байна.

2020 онд тарсан зурагт тэрбээр нас биед хүрч, өөрийнх нь үр төл байж болзошгүй моншийг тэвэрсэн байжээ.

Өөр өөр төрөл зүйлийн амьтдын дундаас төрсөн эрлийз амьтан ихэнхдээ цааш үржих чадваргүй байдаг. Харин энэ эрлийз сармагчин монштой болсон нь эрдэмтдийг гайхшируулж байгаа гэнэ.

Судалгаанд оролцсон Малайзын Шинжлэх Ухааны их сургуулийн судлаач Нэдин Рупперт огт өөр хоёр төрөл зүйлийн амьтан эвцэлдсэн нь тэдгээрийн амьдардаг экосистемийн тэнцвэр алдагдсаны ноцтой шинж тэмдэг байж болзошгүйг ярьж байна.

Дээрх хоёр сармагчны хоёулангийнх нь эрэгчин эмэгчнээ олсны дараа өөрийн төрөлх сүргээс салж, тусдаа сүрэг үүсгэдэг гэнэ.

Харин хүмүүс ой модыг ихээр огтолж, сармагчнуудын амьдардаг газар нутгийн хэмжээг багасгасан нь тэдгээрийн тусгаарлаж салах боломжийг багасгаснаас ийм эрлийз үр төл гарах нөхцөл болсон байж магадгүйг Рупперт тайлбарлажээ.

Эх сурвалж: Ikon.mn

https://ikon.mn/n/2jq1

Буцах